Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын /2016.06.23/үеэр гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталлаа. Энэхүү баримт бичиг нь сүүлийн гурван жил тутам зохиогдож байгаа гурван улсын тэргүүнүүдийн уулзалтын эхний үр дүн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлсэнээр Монгол улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх юм. Эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг талууд (зөвхөн Хятадын зүгээс 190 гаруй) санал болгосноос Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгосон юм. “Эдийн засгийн коридор” нь Монголын талын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын ЕвроАзийн эдийн засгийн холбоо гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байгаа юм. Монгол, Орос, Хятад хамтран Ази, Европ тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах болсноо дэлхий дахинд тунхаглаад буй. Томоохон амбицтай энэ хамтын ажиллагаанд газар нутгийн байршил нь Монгол улсын давуу тал байх юм.

Сонгож авсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа нь хамгийн их жин дарж байгаа юм. “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг 2016 онд багтаан Улаанбаатар хотноо байгуулахаар баримт бичигт туссан. Хөтөлбөрт туссан төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудал дээр хэлэлцэв. Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг байгуулах санхүүжилтийг гурван тал ижил оролцоотойгоор хийх юм. Олон улсын байгууллагыг эх орондоо байгуулна гэдэг бол аль ч улсын хувьд том зорилт байдаг бөгөөд энэ төвийг нийслэл Улаанбаатар хотноо байгуулахаар тохиролцсон юм.

“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн баримт бичигт дурдсанаар хамтын ажиллагааны чиглэлүүд нь нэгд, Тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа бүхий хөгжлийг дэмжих, хоёрт, Хилийн боомтуудыг хөгжүүлэх, гаалийн болон хорио цээрийн хяналтыг боловсронгуй болгох, гуравт, Аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дөрөвт, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тавд, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зургаад, Хүрээлэн буй орчныг хамгалах, экологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, долоод, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Монголын талаас Гадаад хэргийн яам, БНХАУ-ын талаас хөгжил, шинэтгэлийн хороо, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн яам хариуцах юм.

“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн чиглэлүүд:

1.       Тээврийн дэд бүтэц
2.       Аж үйлдвэрийн салбар
3.       Хилийн боомтыг шинэчлэх
4.       Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээр
5.       Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологи
6.       Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа
7.       Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа
8.       Хөдөө аж ахуй
9.       Анагаах ухаан        / нийт 32 төсөл хөтөлбөр/.

Дэлхийн том хоёр тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай уг санамж бичгийн дагуу гурван улсын хооронд уг хөтөлбөрийг боловсруулах зорилгоор гурван улсын Хамтарсан ажлын хэсэг амжилттай ажилласны үр дүнд Монгол Орос Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг батлаад, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгалийн хийн хоолойн төслийн монголын талын Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой албан уулзалт 2021 оны эхний улиралд хийлээ. Талууд байгалийн хийн хоолойн ТЭЗҮ боловсруулах ажлын хамтарсан төлөвлөгөө батлав.

- Хийн хоолой /ерөнхий мэдээлэл үзэх/


МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР

- Монгол хэл дээр үзэх

- Орос хэл дээр үзэх

- Хятад хэл дээр үзэх